Томуугийн тархалт амралтын өдрүүдэд огцом өсч, эмнэлгүүдийн ачаалал 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор Тохиолдлын удирдлагын баг өчигдөр /2025.11.23/ ЭМЯ-нд яаралтай хуралдав.
Хурлаар сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор эрт эхлүүлэх саналыг дэмжиж, Боловсролын яаманд албан ёсоор хүргүүлжээ.
Энэ асуудлаар Боловсролын яам хэлэлцсэний үндсэн дээр саналаа Засгийн газарт танилцуулснаар эцэслэн шийдвэрлэнэ.
Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.
2017/2018-2024/2025 оны ТТӨ-ний хөдлөл зүйгээр ЕБС-ийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 2 долоо хоног урагшуулахад өвчний тохиолдол 2 дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсан байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн ЭМЯ-аас Боловролын яаманд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг хүргүүлээд байна.





